Хан-Уул дүүрэг 20-р хороо 145/5, Улаанбаатар хот, Монгол Улс
email@vetnetmn.org
Хүлээн авахтай холбоо барих: 7013-0324 Эмийн захиалга өгөх: 85891122, 77001122 Зөвлөгөө, МЭҮС: 95080324
Хямдралтай бараа
Шинэ бүтээгдэхүүн Цааш нь
Төсөл Цааш нь
Үргэлжилсэн сургалт хөтөлбөр
Үргэлжилсэн сургалт хөтөлбөр

Монгол ВИ И ТИ НЕТ ТББ нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсролыг сайжруулах, хувийн мал эмнэлгийг бизнес удирдлагад сургах, хувийн мал эмнэлгүүдийн техник хангамжийг сайжруулах, чанар сайтай малын эм бэлдмэлүүдээр хангах тал дээр анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс хамгийн олон аймаг сумдын хүрээнд олон малын эмч нарыг хамруулж байгаа нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр” (цаашид МЭҮСХ гэх) юм. Бид мал эмнэлэгийн үргэлжилсэн сургалтаар хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэргэжлийн мэдлэг ур чадварыг сайжруулах, бизнес үйл ажиллагааг нь дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой.  

“Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”  нь анх 2005 онд АНУ-н Хөдөө Аж Ахуйн Яам (USDA) Мерси Корпсоос хэрэгжсэн “Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 3 жил дараалан амжилттай хэрэгжсэн. 2008 онд Дэлхийн Зөн ОУБ, CHF-Гэр санаачилга, Samaritan Purse болон Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжин Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 700 гаруй хувийн мал эмнэлгийн, 1024 малын эмч нар тус сургалт хөтөлбөрт хамрагджээ.

2005 оноос АНУ-н USDA Мерси Корпсоос хэрэгжсэн төслийн хүрээнд малын эмч нарт МЭҮСХөтөлбөрийг явуулж эхэлсэн

  • Мал эмнэлгийн бизнес менежмент
  • Малын өвчнийг оношлох, эмчилэх арга
  • Малын чанартай эм бэлдмэлийг шинээр нэвтрүүлэх
  • Шинэ мэдээлэл гарын авлага ном товхимлоор хангах

2009 - 2011 онд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Мал Аж Ахуйн Төсөл”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай зэрэг нийт 7 аймагт тус сургалт болон “Загвар малчин өрх хөтөлбөр” нь амжилттай  хэрэгжсэн.   

      МЭҮСХ-ийн үйл ажиллагаа нь АНУ, Англи, Канад, Шинэ Зеланд, Австралийн малын эмч, мэргэжилтнүүд, Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-ын ажилчдын хамтын оролцоотойгоор үргэлжлэн хэрэгжсээр байна.

   Хөтөлбөрийн сургалтууд нь Улаанбаатар хотод зохиогдсон сургалтын дараагаар тус ТББ-ын малын эмч нар, гадаадын малын эмч мэргэжилтнүүдтэй хамт хөдөө орон нутагт очиж сургалт, дадлага ажлыг явуулан харилцан туршлага солилцдог.

       Малын эмч нар энэхүү сургалт дадлагаар дамжуулан мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд болон эм тариа багаж хэрэгслийг ашиглах аргуудыг суралцаад зогсохгүй өвчтэй мал амьтан үзэж, эмчилгээ үйлчилгээ хийдэг нь малын эмч нар болон малчдын талархлыг хүлээгээд байгаа юм.

    Монгол ВИ И ТИ НЕТ ТББ нь “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-н хүрээнд нийт 50 гаруй малын эм бэлдмэлийг Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Эм бэлдмэлүүд нь АНУ, Англи, Австрали, Хойд Ирланд, Франц улсад үйлдвэрлэгдсэн, чанар, үйлчилгээ сайтай тул хөдөө орон нутгийн малын эмч болон малчдын хэрэгцээнд нийцсэн бөгөөд малын эмч малчин хоёрын харилцан итгэлцлийг бий болгож байна. Олон улсын чанар стандартыг хангасан малын эм бэлдмэлүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, малын эм тариа, вакцин, багаж хэрэгслийг малын эмч нарт нийлүүлэн ажилладаг.

•Малын эм, тариа 60\33

•Багаж хэрэгсэл 126

•Вакцин- 7\4

    Монгол ВИ И ТИ НЕТ ТББ нь цаашид хөдөө орон нутгийн малын эмч нарын үйл ажиллагааг байнга дэмжиж “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр”-ийг жил бүр үргэлжлүүлэн явуулж, шаардлагатай сургалт мэдээлэл, мал эмнэлгийн эм бэлдмэл багаж хэрэгсэл бусад хэрэгцээтэй зүйлсээр ханган ажилласаар байх болно.

       2015 оноос хойш 21 аймгийн малчид, мал бүхий иргэд, уяач нарт мал эмнэлгийн үйлчилгээний ач холбогдол, малын халдварт, халдваргүй өвчин, малын эм тарианы зөв хэрэглээний талаар тухайн орон нутгийн сумын төв, малчны хотонд очиж сургалт зохион байгуулж эхэлсэн тус хөтөлбөр нь 2024 оны байдлаар 28504 малчинд хүрч ажиллласан байна.

        Төгсөлтийн дараах Малын эмч нарын үргэлжилсэн сургалт хөтөлбөрийг орон нутгийн хувийн аж ахуй нэгжийн малын эмч нарт зориулан явуулж эхэлсэн 2014 оноос хойш 2024 оны байдлаар 21 аймгийн 2585 малын эмч тус сургалтад хамрагдсан байна.

Боловсрол хөгжил
Боловсрол хөгжил

Манай төсөл анх 1999 оноос “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багуудын бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг заах, хүүхэд багачуудад зуны цэцэрлэгийн сургалтууд  зохион байгуулах зэргээр хэрэгжиж эхэлж байсан.

      1999 онд “Хөдөөгийн алслагдсан сургуулийг дэмжих төсөл” нэртэйгээр сургуулиас завсардсан хүмүүст бичиг үсэг заах зорилготойгоор эхэлсэн түүхтэй. Энэхүү төсөл нь 2003 онд “Боловсрол хөгжил” төсөл нэртэй болж үйл ажиллагаагаа тэлж англи хэл, зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтыг мэргэжлийн багш нар болон орон нутгийн сургуулиудтай хамтран зохион байгуулж эхэлжээ. 

2024 оны байдлаар Монгол Ви И Ти Нет ТББ -ын “Боловсрол-Хөгжил” төслийн сургалтад 2011 оноос хойш нийт 67804 хүүхэд, 64980 насанд хүрэгчид англи хэл, зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдсан байна. Энэхүү төсөл нь нэг суманд гурван жил дараалан хэрэгждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 14 аймгын 158 суманд амжилттай хэрэгжсэн. 

 Зорилго: 

Байгууллагын алсын харааг хэрэгжүүлэн хөдөө орон нутгийн малчид, ард иргэд, гэр бүл, хүүхэд залуучууд, албан байгууллагын ажилчдад хувь хүний хөгжлийн болон оюуны хэрэгцээт бүхий л сургалтыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зөвт сайхан амьдрахад нь хувь нэмэр оруулах зорилготой.

 Үйл ажиллагаа:

  • Хавар, намар, зуны сургалтууд
  • Хүнсний ногоо тарих, оёдол  болон амьдрах ухааны жижиг төслүүд
  • Ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх (2024 оныг хүртэл)
  • Эрүүл мэндийн үйлчилгээ

Зуны сургалт: 

    Хөдөө орон нутгийн хүүхэд багачууд, хот суурин газрын хүүхдүүдтэй харьцуулбал зуны амралтаараа хүссэн сургалтандаа хамрагдах боломжгүй байдаг. Тийм учраас хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй суралцах, цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж өгөх зорилготойгоор зуны англи хэл, зан чанар, цэцэрлэгийн болон бусад сургалтыг хэрэгжүүлдэг. СӨБ-д хамрагдах боломжгүй хүүхдүүдэд зориулан цэцэрлэгийн үйл ажиллагааг малчны хотноо гэрт, сумын төв дээр эсвэл багийн байранд гэх мэт газруудад зохион байгуулж сумын төвөөс алслагдсан багын малчны хүүхдүүдэд цэцэрлэгт хамрагдах боломжийг олгож байна.

    Сургалтын төгсгөлд хүүхдүүд зуны сургалтаар дамжуулан сурч мэдсэн зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нар болон сум орон нутгийн удирдлагуудад тайлагнадаг төдийгүй зарим суралцагчид аймаг орон нутгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, зуны сургалтын үр дүнг бодитоор харах боломж олгодог.

Хавар намрын сургалт:

    Орон нутгийн албан хаагчид, багш, эмч нар, сургуулийн суралцагчид, гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан богино хугацааны хэрэгцээт сургалтууд, танин мэдэхүйн болон нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион явуулдаг. ЕБС-ийн сургуулийн сурагчид, багш нар, төрийн албан хаагч, насанд хүргэчдэд “Харилцааны сэтгэл зүй”, “Гэр бүл”, “ Хандлага”, “Мэргэжил сонголт”, “Миний үнэ цэнэ”, “Өрхийн санхүү”, “Сэтгэл хөдлөлөө удирдахуй”, “Аюулгүй сонголт” гэх мэт зан чанар, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ: 

    Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч мөн эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүн эмнэлгийн эмч, сувилагч нарт зөвлөгөө өгөх мөн тэдэнд хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулдаг. Шүдний эмч, сувилагч, хүний эмч нар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудаас ирж эмчилгээ,  үйлчилгээ үзүүлдэг.

Өдөр өнжүүлэх: 

    Тус байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг 2003-2024 оны хугацаанд зохион байгуулсан. Тус өдөр өнжүүлэхэд жил бүр тогтмолоор бага, дунд бүлгийн нийт 25 хүүхэд хамрагддаг байжээ. Одоогоор байгууллагын ажилчдын сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол арилгах, даалгавар давтлага хийлгэх болон хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэрэх мал эмнэлэг
Энэрэх мал эмнэлэг

“Энэрэх” Мал Эмнэлэг Сургалтын Төв нь Монгол ВИ И ТИ НЕТ ТББ –ын салбар юм. "Дэлхийн жишигт нийцсэн мал эмнэлгийн үйлчилгээг Монголдоо" уриатайгаар нохой, муур болон бусад гэрийн тэжээвэр амьтдад орчин үеийн мал эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх, ард иргэдийг жижиг амьтны эрүүл мэндийн мэдлэг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт тогтмол зохион байгуулж ажилладаг. Бид нохой, муур болон бусад гэрийн тэжээвэр амьтдад эмийн болон эмийн бус, мэс заслын эмчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулгалтад хамруулах, үйлчлүүлэгчдээ зориулсан сургалт, зөвлөгөө өгөх зэргээр хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг хичээн ажиллаж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай эмнэлэгт 11 их эмч, 2 техникч,   1 хүлээн авагч, урт болон богино хугацааны гадаадын зөвлөх 2 эмчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг.  Манай эмч нар нохой, муур болон ховор амьтдыг  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх, мэс засал, бусад үндсэн эмчилгээг эзэмшсэн бөгөөд  өвчтэй  амьтдад үзлэг шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээ хийхдээ гадаадын зөвлөх эмчийн заавар зөвлөгөөг авч, хяналтад байлгадаг. Манай эмч нараас мэдлэг чадвараа дээшлүүлэхээр мал эмнэлгийн магистрын түвшний АНУ-н  4 их  сургууль,  Монголын  Мал Эмнэлгийн сургууль хамтран явуулж байгаа “Зайны Сургалт”-д суралцаж байна.   

Монголын малын их, бага эмч, техникч, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын үйл ажиллагаанд оролцдог нь бидний бас нэгэн бахархал билээ. Хот, хөдөө орон нутгийн малын эмч нар, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад жижиг амьтны чиглэлээр сургалт явуулдаг. Жижиг амьтны чиглэлээр ажиллах хараа, зорилготой шинэ төгсөгч нар болон малын эмч нарт зориулан 4 сарын хугацаатай дадлагажигч малын эмч сургалтыг жил бүр зохион байгуулж байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт жижиг амьтны чиглэлээр ажиллах сонирхолтой малын эмч нарт зориулан орчин үеийн жижиг амьтаны мал эмнэлэгийн чиглэлээр сургалт, дадлагыг жил бүр Монгол болон гадаадын мэргэшсэн эмч нар зохион байгуулж байна.

ЭМ БЭЛДМЭЛ

Манай байгууллага барууны орнуудад өргөн хэрэглэгддэг чанартай эм бэлдмэл, вакцины зохих зөвшөөрлийн дагуу  импортолж  эмнэлгийнхээ  үйл  ажиллагаанд болон бусад эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тиймээс бид чанартай эм бэлдмэлээр таны хайртай амьтанд хамгийн сайн  үйлчилгээ  үзүүлэх боломжтой юм.

МЭС ЗАСАЛ

Мэс ажилбарыг ариун нөхцөл, ариутгасан хувцас, багаж хэрэглэлийг ашиглан хийдэг. Мэс ажилбарын хүнд, хөнгөн байдлаас хамаарч манай орны мал эмнэлгийн практикт хараахан нэвтэрч амжаагүй байгаа амьсгалын наркоз ашигладаг ба минут тутамд амьтны амьсгал, зүрхний цохилт, биеийн байдлыг хянаж байдаг. Зөөлөн эдийн болон ясны мэс ажилбар хийдэг. Хумс авах, чих, сүүл тайрах зэрэг гоёлын мэс ажилбар, яаралтай түргэн тусламжийн мэс заслыг шаардлагатай үед цаг алдалгүй хийх боломжтой. 

ОНОШИЛГОО

Цусны шинжилгээ

Эмнэлгийн техникийн хүчин чадлаа түшиглэн дараах шинжилгээнүүдийг:  цусны цагаан эс тоолох, цусанд глюкозын хэмжээг тогтоох, шээсний индикаторын болон тунадас, бактерийн шинжилгээг богино хугацаанд, нарийн шинжилгээний дүнг 24 цагийн дотор гаргана. Шаардлагатай үед цус, эд, эсийн нарийн шинжилгээг эзний хүсэлтээр АНУ-ын лабораторид илгээж байна. 

РЕНТГЕН

Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дижитал рентген аппарат ашиглан түргэн шуурхай, оношилгоо хийж байна. Энэ аппаратыг ашигласнаар рентген зургаа гадаадын мэргэжилтнүүд рүү и-майлаар илгээн заавар зөвлөгөө  авах  бүрэн  боломжтой.  

ГОО САЙХАН

Усанд оруулах болон үс засах үйлчилгээг явуулдаг тул та энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл ажлын өдрүүдэд 1-2 өдрийн өмнө утсаар цаг аваад ирээрэй.  

БИД ТАНД ТУСАЛЪЯ

Та гадаадад нохойтойгоо явах гэж байна уу

Та гадаадад аяллаар явах эсвэл нүүх гэж байгаа бол бидэнд хандаарай. Бид шаардлагатай цусны шинжилгээ, вакцин болон бусад шаардлагатай зүйлүүд дээр тусална. Гэхдээ нэлээд эртнээс (4-5 сарын өмнөө) бэлтгэл ажлаа эхлэх хэрэгтэйг санаарай. Мөн манай эмч нартай уулзан заавар зөвлөгөө авна уу. 

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Дуудлагаар үзлэг, вакцин, туулгалт өгөх боломжтой харин хүндэрсэн өвчний үед эмнэлэгт ирвэл бид танд илүү тусламж үзүүлэх боломжтой гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬ 

Даваа-Баасан: 9:00-18:30

Пүрэв: 10:30-18:30

Бямба: 9:00-19:30 

Ням: Амрана

ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ 

Даваа-Баасан: 9:00-16:30

Пүрэв: 10:30-16:30

Бямба: 9:00-17:30 

Ням: Амрана

ЦАГ АВАХ

Та нохойгоо үзлэгт хамруулахыг хүсэж байгаа бол ажлын цагаар хэдийд ч ирж болно.Хэрэв гадаад  эмчид  үзүүлэхийг  хүсч  байгаа  бол  урьдчилан  цаг  авна  уу. Төлбөрийн хувьд ялгаатай байдгийг анхаарна уу. 

ХОЛБОО БАРИХ

Эмнэлэг: 95909987, 70114723

Таны амьтны эрүүл мэндийн төлөө хамтдаа

 

Дадлагажигч Хөтөлбөр
Дадлагажигч Хөтөлбөр

Монгол ВИ И ТИ НЕТ ТББ нь малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх зорилгоор, зургаан сарын хугацаатай “Дадлагажигч Хөтөлбөрийг Мал эмнэлэг – Сургалт”-ын төв бааз, зөвлөх эмч нарын оролцоотойгоор  дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үржил, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эмийн зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвээр дадлага хийн туршлага хуримтлуулж байна.

Малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар, дадлага эзэмшүүлэх зорилгоор 6 сарын хугацаатай 80 багц цагийн онол дадлага хосолсон сургалт хөтөлбөр юм. Үүнд:

·Адуу, үхэр, эрчимжсэн фермийн аж ахуй

·Жижиг болон экзотик амьтан

·Мал амьтны халдварт, халдваргүй өвчин

·Эх барих, мэс засал

·Бизнес, санхүү ·Хувь хүний хөгжил

·Мэргэжлийн англи хэл

2018 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тус Дадлагажигч Хөтөлбөрт хамрагдагсдаас 7 оюутан нь хот болон хөдөө малын эмчээр ажиллаж, 3 оюутан нь хилийн чанадад мэргэжлийн зэрэг дэв ахиулахаар суралцаж, малын эмч мэргэжлийн мэдлэг туршлага хуримтлуулж байна. Тус хөтөлбөрийн үр өгөөж, ач холбогдлыг Мал Эмнэлгийн Сургууль, Төгсөгчид, Монголын мал эмнэлгийн салбарын мэргэжил нэгтнүүд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтний мэргэжлийн дэвшилтэт арга туршлага, мал эмнэлгийн чанаржсан үйлчилгээг монгол орны малчин ард иргэд юун түрүүнд талархан хүлээж авна гэж итгэж байна.

Хот, хөдөө орон нутгийн малын эмч нар, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад жижиг амьтны чиглэлээр сургалт явуулдаг. Жижиг амьтны чиглэлээр ажиллах хараа, зорилготой шинэ төгсөгч нар болон малын эмч нарт зориулан 4 сарын хугацаатай дадлагажигч малын эмч сургалтыг жил бүр зохион байгуулж байна

Мал эмнэлгийн сургуулийн оюутнуудад зориулан 2003 оноос эхлэн ерөнхий англи хэл, мэргэжлийн англи хэл, адуу болон жижиг амьтаны клубыг явуулж эхлүүлсэн ба мэргэжлийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн сургалт, уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Видео зөвлөгөө Цааш нь